Бразилын үхрийн махны экспортод хориг тавьжээ

Үйл явдал

Европын томоохон сүлжээ супермаркетууд болох Очан болон Кэйрфор дэлгүүрүүд Бразилын үхрийн махны экспортод хориг тавьжээ. Хориг тавьж байгаа шалтгаан нь Бразил улс Амазонкийн ширэнгэн ойд хууль бусаар мод бэлтгэж, устгаж байгааг эсэргүүцэж байгаа явдал юм. 

Бразилын төрийн бус Reporter Brazil байгууллагаас явуулсан бие даасан мөрдөн шалгах ажиллагааны үеэр энэ улсын JBS мах боловсруулах компанийн үйл ажиллагаанд байгаа доголдлуудыг ил гаргасан тайлан гаргажээ.

Тайланд JBS компани Амазонкийн ширэнгэн ой байсан, модыг нь тайрч авсан газар нутагт үхрийн фермээ байгуулж, малаа хариулан бэлтгэж байгааг тусгажээ. Тэгвэл энэ нь хууль бус үйл ажиллагаа болохыг Reporter Brazil төрийн бус байгууллагын тайланд дурьдсан байна.

Бразилын Амазонкийн ширэнгэн ойн модыг тайрч, газрын нь чөлөөлөн, түүн дээрээ ХАА-н газар тариалангийн талбай байгуулах, мал аж ахуй үржүүлэх явдал 2019 онд Бразилын төрийн тэргүүнээр Жаир Болсонару сонгогдсоноос хойш ихэсчээ.