ОХУ, ХБНГУ-ын хоёр дипломатыг эх орноосоо албадан гаргахаар шийдвэрлэлээ

Улс төр

ОХУ-ын Гадаад хэргийн яам ХБНГУ-ын тал улсынх нь хоёр дипломат ажилтныг улсаасаа албадан гаргах шийдвэр гаргасны хариуд Москва дахь Германы ЭСЯ-ны хоёр ажилтанд нон-грант зарлан, мөн улсынхаа нутаг дэвсгэрийг орхихыг хүссэн байна. 

Германы тал улсынх нь дипломат ажилтнуудыг албадан гаргах шийдвэрийг ул үндэслэлгүй гэж үзэн, энэ явдал Берлин-Москвагийн харилцаанд таагүй ул мөр үлдээх болно гэжээ. Берлины дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Чечень гаралтай Гүржийн иргэн Зелимхан Хангошвилийн аминд халдсан хэрэгт Оросын иргэн Вадим Красиковыг гэм буруутай гэж үзэн, түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан.

Шүүхээс гаргасан яллах дүгнэлтэд дээрх хэргийг төрийн захиалгаар, тодруулбал Кремлийн захиалгаар үйлдсэн терроризмын хэрэг гэж үзжээ.2019 онд Германы нийслэл Берлин хотноо Чечень гаралтай Гүржийн иргэн Зелимхан Хангошвилийн аминд халдсан явдлыг улсынх нь тусгаар байдлыг зөрчсөн хэрэг гэж үзсэн байна.  Германы гадаад хэргийн сайд Анналена Бербок шүүхийн шийдвэр гарсны дараагаар Хангошвилийн хэрэгтэй холбоотойгоор Оросын ЭСЯ-ны хоёр ажилтныг эх орноосоо албадан гаргах шийдвэр гаргажээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова Германы эрх баригчид Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргах шийдвэрийг хууль бус гэж үзэн, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэн ийнхүү Берлин руу Москва дахь хоёр дипломат ажилтныг нь буцаахаар шийдвэрлэжээ.