Үйл явдал

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины засгийн газрын гишүүд, жирийн иргэд Бориспольд газардсан тусгай үүргийн онгоцыг угтан авчээ. Энэ онгоцоор Иранд осолдсон Украины иргэний агаарын тээврийн компанийн Боинг онгоцны багийн 9 гишүүн, хоёр зорчигчийн цогцсыг эх оронд нь авчирсан байна. 

Иранд энэ сарын 8-нд болсон ослын улмаас багийн гишүүд зорчигчид нийлсэн 176 хүн амиа алдсан юм. Тегеран-Киевийн чиглэлд нислэг үйлдэж байсан Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны цэргийн дайсны объект гэж андууран пуужингаар харван унагасан юм. Украины мэргэжилтнүүд осол болсноос хойш 10 хоногийн туршид ослын газар дээр ажиллаж, ослоор амиа алдсан Украины 11 иргэнийхээ цогцсыг таних ажиллагаа явуулан, улмаар эх оронд нь тусгай үүргийн онгоцоор авчирчээ. Борисполийн нисэх буудалд ослоор амиа алдсан иргэдийн шарилыг битүү хайрцганд хийн буулгаж, дээр нь үндэсний туг далбаагаар хучсан байжээ. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, хамтран ажиллагсад нь ерөнхийлөгч Владимир Зеленский, ерөнхий сайд Алексей Гончарук болон ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Богдан нарын хамтаар Иранаас ирсэн онгоцыг тосчээ. Золгүйгээр амиа алдсан иргэдээ Украинд хүндэт харуул жагсаан угтаж, улмаар шарилуудыг тусгай машинд ачин, нислэгийн талбайд хүндэтгэлийн тойрог хийн авч явжээ.