Үйл явдал

Австралид дэгдсэн түймрийг унтраахад туслах зорилгоор орон орон гал сөнөөгчид, сайн дурынхан ногоон тивийг зорьж байна. Тэдний дотор Японы зэвсэгт хүчний 70 гаруй алба хаагчид Австралийн засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэхээр иржээ.  

Японы цэрэг дайчид Сиднейн дэргэдэх агаарын цэргийн баазад газарджээ. Япон улсаас С-130 загварын цэргийн ачааны хоёр онгоц ирж, гал сөнөөгчид хүрч чадахгүй байгаа хүнд хэцүү, алслагдмал газар нутагт түймэр унтраах ажилд нэгдэхээр иржээ. Япон улс 2011 онд улс оронд нь нүүрлэсэн цунами, газар хөдлөлтийн гамшгийн үеэр Австралийн тал ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байсанд талархан, энэ удаад мөнх ногоон тивд нүүрлээд байгаа гамшигтай тэмцэхэд хариу тус хүргэж байгаадаа баяртай байгаа юм.