Европарламентын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Тайваньд айлчлал хийж байна

Улс төр

Европарламентын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй албаны төлөөлөгчид Тайваньд айлчлал хийж байна. Тэгвэл Европарламентын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгааг Хятадын тал эсэргүүцэн, ЕХ-нд хандан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хятад улс Тайвань арлыг өөрийн газар нутгийн хэсэг гэж тооцдог учраас Бээжинд мэдэгдэлгүйгээр ийнхүү албаны төлөөлөгчид Тайваньд айлчилж байгааг эсэргүүцэж байгаа юм.

Бээжин Тайбэйн хоорондын харилцаа тийм ч сайнгүй үед Брюсселийн албаны төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаад Хятадын эрх баригчид таагүй хандаж байна. Хятадын гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Вань Вэньбинь энэ талаар мэдэгдэж, ЕХ-нд хандан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Европарламентын төлөөлөгчид Тайваньд энэ сарын 2-ны өдөр очиж, 3 хоног айлчлахдаа хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа Тайванийн арга туршлага, мөн Тайвань дахь ардчилал, хэвлэл мэдээлэл, соёл боловсролын салбар дахь хөндлөнгийн оролцоо нөлөөтэй хийж байгаа тэмцэл болоод цахим дархлааг бэхжүүлэх тал дээр хийж байгаа ажилтай танилцах зорилго тавьжээ.