Пандорагийн бичиг баримтуудад дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн нэрс багтжээ

Үйл явдал

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Pandora Papers буюу Пандорагийн баримт бичгүүд нэртэй дэлхийн нөлөө бүхий улс төрчид, баячууд мөн олны танил нэр алдартай эрхмүүдийн оффшор дансны тухай мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл олон улсад ихээхэн шуугиан тарьсан дээрх баримтад дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид, нэртэй улс төрчдийн нэрс олноороо багтсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.  

Пандорагийн баримт бичгийг олон нийтэд ил тодоор мэдээлэхээс өмнө олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум бүтэн жилийн туршид мөрдөн шалгах ажил явуулж, маш их хэмжээний бичиг цаас, мэдээ баримт цуглуулсан байна.

Сэтгүүлч Уилл Фицгиббоны ярьснаар тэдэнд Пандорагийн жагсаалтад нэр нь багтсан эрхмүүдийн электрон шуудан, паспортын хуулбар, банкны гүйлгээний мэдээллүүд зэрэг маш олон баримт бичиг байгаа. Жагсаалтад дэлхийн улс гүрнүүдийн тэргүүлэгчид, хаад, хатад, тэрбумтнууд, тэр байтугай нөлөө бүхий гэмт хэрэгтнүүдийн татвараас зайлсхийж, хөрөнгөө оффшор бүсэд нуусан хэдэн их наяд долларын хөрөнгийн тухай баримт мэдээллүүд байгаа гэжээ.

Пандорагийн баримт бичигт нэр нь багтсан, оффшор компаниудтай холбоотой эрхмүүдийн дотор Иорданийн ван Абдалла, Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш, Украин, Кени, Кипрын ерөнхийлөгч нар, түүнчлэн Пакистан, Нидерланд, Бразил зэрэг орны сангийн сайд нарын нэрс байгаа юм.

Мөн Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэр оффшор компаниар дамжуулан Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй байна. Пандорагийн баримт бичгийг одоогоос 5 жилийн өмнө Панамын баримт бичгийг гарган ирж, оффшор бүс дэх баячуудын татвараас нуусан хөрөнгийг ил болгосон эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мөн мөрдөн шалгаж, ид тод болгожээ.