Үйл явдал

Хонконгод дотоодын нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтож, ардчиллын төлөө тэмцэгчид тэмцлийн аргаа өөрчилжээ. Тэд ажил хэрэгч завгүй хотын томоохон авто замуудын хөдөлгөөнийг хааж, гудамж талбайд хаалт босгон хууль сахиулагчидтай мөргөлдөхөөс сэргийлэн, тэмцлийн өөр хэлбэрт шилжиж байна.

Хонконгийн жагсагчид Ша-тин дүүрэгт байрлах Хятад их сургуулийн дэргэд цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Энэ үеэр жагсагчид шатах шингэн бүхий лонх шидлэн, хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий цацан, резинэн сум ашиглажээ. Улмаар жагсагчид Хонконгийн хаа сайгүй олны хөл хөдөлгөөн ихтэй газруудын зам талбайг хааж, хаалт тавьснаас Хятад их сургууль болоод өөр бусад 11 их дээд сургуулийн хичээл сургуулийг хаахаас аргагүйд хүрчээ. Жагсагчид хотын гудамж талбайн хучилтыг авч түүгээр машин зам дээгүүр хаалт тавьж хөдөлгөөнд саад болохоос гадна томоохон авто замын хөдөлгөөнийг ч хаасан байна. Тэд ийм маягаар цагдаа хүчнийхний хот доторх хөдөлгөөнийг ч сааруулж байгаа юм.

Хонконгийн жагсагчдын тэмцлээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоогоод байсан хотын метро эсрэгээр ажиллаж эхэлжээ. Лхагва гарагийн өглөө тэмцэгчид метроны хэд хэдэн галт тэргийг галдан шатааснаас гадна Фо Тан станцын дохиоллын систем ажиллагаагүй болжээ. Үүний улмаас хотын метро үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсооход хүрсэн юм.

Жагсагчдын тэмцлийн улмаас Хонконгод банкны 250 гаруй салбар үйл ажиллагаагаа зогсоожээ. Тэр дундаа HSBC, Standard Chartered Bank, Bank of China (Hong Kong) зэрэг 18 томоохон банкны 5 салбар тутмын нэг нь хаагдсан байна.