Үйл явдал

Австралийн Квинсленд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад өнөөдрийн байдлаар түймрийн 150 гаруй голомт асч байна. Австралид дэгдээд байгаа ойн түймэртэй холбогдуулан гамшгийн бүсэд онцгой байдал тогтоогоод байгаа юм. Австралид энэ жил хуурай халуун зун болж байгаагаас ойн түймэр дэгдэж, ихээхэн хэмжээний газар нутгийг хамраад байна. 

Австралид хаврын улирал дуусаагүй байтал хуурай, халуун цаг агаар тогтож, зуны бүгчим халуун цаг агаар хугацаанаасаа эрт тогтоод байгаа юм. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын үед хойд зүгээс салхины хүч эрчтэй дэгдэж, агаарын температур нэмэгдэн, харьцангуй чийгшил буурах төлөвтэй байгаагаас Австралийн зүүн эрэг дагуух бүс нутгаар түймрийн гамшиг хүрээгээ тэлж болзошгүй байна. Квинсленд, Шинэ Өмнөд Уэльс мужид дэгдээд байгаа ойн түймэр хүрээгээ тэлэн асч, зуугаад барилга байшин өртөн шатжээ. Тэдгээрийн дотор Холливудын нэртэй жүжигчин Рассел Кроугийн байшин түймэрт шатсан байна. Түймрийг унтраах явцад 13 гал сөнөөгч түлэгдэж, Брисбенаас холгүй байрлах Радлинг Хаус дүүрэгт гал сөнөөх албаны нисдэг тэрэг осолдож нисэг нь гэмтэж бэртсэн байна. Австралийн эрх баригчид аюултай бүсээс иргэдээ нүүлгэн шилжүүлж байна.