Үйл явдал

Хятад улс дэлхийд ховорсон хулсны баавгай үржүүлгэд төр засгаас нь ихээхэн анхаарал тавин ажиллаж байгаа. Тэгвэл энэхүү хүчин чармайлтын дүнд Улаан номонд орсон хулсны баавгайн тоо толгойг Хятад улс үржүүлж, өсгөн ихээхэн үр дүнтэй ажиллаж байна. Энэ талаар  Хятадын Үндэсний ойн болон мал амьтны аж ахуйн газраас танилцуулсан тайланд дурьджээ.

Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань муж хулсны баавгайн эх орон гэж тооцогддог юм. Тэгвэл энд хулсны баавгай үржүүлгийн гол төв төвлөрөн ажиллаж байгаа юм. Сычуань мужийн Чэнду хотод байрлах хулсны баавгай үржүүлгийн төв 2019 оны байдлаар нийтдээ 600 хулсны баавгайтай болжээ. Энэ нь 2018 оныхоос тоо толгой нь 52-оор өссөн үзүүлэлт юм байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор хулсны баавгайн тоо толгой дунджаар 9,31%-иар өсчээ. Энэ онд Хятадад 60 бамбарууш шинээр мэндэлснээс 57 нь эсэн мэнд бойжиж байгаа юм. Мөн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар байгальд эрх дураараа амьдарч байгаа хулсны баавгайн тоо 1,300-д хүрсэн гэж үзэж байна. Энэ нь Хятадад тоологдсон нийт хулсны баавгайн 75% нь юм. Үлдсэн хэсгийг Хятадын хулсны баавгай үржүүлгийн төвд үржүүлж байна.