Үйл явдал

ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева Вашингтон дахь төв штабтаа Барбадос улсын ерөнхий сайд Миа Моттлиг хүлээн авч уулзжээ. Талууд уулзалтын үеэр Карибын тэнгисийн сав газрын арал улсын өнөөгийн эдийн засгийн байр байдал, цаашдын стратегийн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо хуваалцсан байна. 

ОУВС-аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөрт Барбадос улсад эдийн засгийн хөгжлийн стратеги, шинэчлэлийн бодлого боловсруулахад дэмжин ажиллахаар оруулаад байгаа юм. 2018 оны 10-р сарын 1-нд баталсан хөтөлбөрт ОУВС-ийн гүйцэтгэх зөвлөл 4 жилийн хугацаатай зээлийн сангийн дэмжлэг туслалцааг багтааж, үүнд Барбадос улсыг хамруулжээ. Тиймээс Барбадос улс ОУВС-аас үзүүлэх дэмжлэгийн хүрээнд улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох, өрийн асуудлаа шийдэх зөв зүйтэй гарц эрэлхийлэн ажиллаж байгаа юм. ОУВС-аас үзүүлэх зээл тусламжийн хөтөлбөрийг юуны түрүүнд нийгмийн халамжийн салбарт түлхүү чиглүүлэх ёстой юм. Тиймээс Вашингтонд хийж байгаа уулзалтын үеэр талууд энэ асуудлаар түлхүү хэлэлцэж, нэгдсэн хөтөлбөр боловсруулахаар ажиллана.