Үйл явдал

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн цус асгаруулсан дайны нэг болох Дэлхийн 1-р дайн өндөрлөсний 101 жилийн ойг дэлхийн улс орнуудад нэхэн дурсаж байна. 20 сая хүний амь насыг авч одсон Дэлхийн 1-р дайн өндөрлөсний ойг Европын улс орнуудад, мөн Америк, Австрали тивд тэмдэглэн өнгөрүүлжээ.

Ойн гол арга хэмжээний нэг нь Франц, Германы хил дээр байрлах Верден хотод болдог юм. Учир нь чухам энд 1916 онд Дэлхийн 1-р дайны хамгийн цус асгаруулсан тулаан болж байсан юм. Английн нийслэл Лондон хотод мөн Дэлхийн 1-р дайн өндөрлөсөн өдрийг нэхэн дурсч, Эвлэрлийн өдрийн арга хэмжээнд Их Британийн хатан хаан 2-р Элизабет, Британийн засгийн газрын гишүүд, албаны хүмүүс оролцжээ.

Гринвичийн цагаар 11/11-ний өдрийн 11 цагт Европ даяар 2 минутын туршид дуугаа хурааж, Дэлхийн 1-р дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэдэг байна.

  • Дэлхийн хүн төрөлхтний бараг тэн хагасыг хамарсан Дэлхийн 1-р дайнд Герман улс сая 900 мянган хүнээ, Орос-1,7 сая цэрэг офицерээ, Франц улс сая 400 мянган хүнээ, Австри-Унгарын нэгдсэн улс сая иргэнээ, Англи улс 760 мянган хүнээ дайны гашуун утаанд алдсан юм. Нийтдээ Дэлхийн 1-р дайн 20 сая гаруй хүний амь насыг авч одсон гэж тооцдог байна.

Дэлхийн 1-р дайн сая сая хүний амь насыг авч яваад зогсоогүй, Европын газрын зургийг бараг бүхэлд нь өөрчилсөн юм. Энэ дайн Оросод Романовынханы удам угсааг үгүй хийж, Оттоманы эзэнт улсыг бутарган сүйрүүлсэн. Түүнчлэн Австри-Унгарын, мөн Германы эзэнт гүрэн бутарчээ.

Дэлхийн 1-р дайн Оросод Октябрийн хувьсгал авчирч, араас нь иргэний дайн дагуулсан. 1914 оны 7-р сарын 28-нд эхэлж, 1918 оны 11/11-нд өндөрлөсөн Дэлхийн 1-р дайн үндсэндээ 4 жил 3 сар үргэлжлэн Компьены гэрээ байгуулснаар өндөрлөж байжээ. Компьены Эвлэрлийн гэрээ 1918 оны 11/11-ий өдрийн 11 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учраас энэ өдрийг дэлхийн түүхэнд Дэлхийн 1-р дайн өндөрлөсөн түүхэн он цаг болгон тэмдэглэсэн байдаг байна. Гэхдээ албан ёсоор Дэлхийн 1-р дайныг Версалийн гэрээний дагуу 1919 онд төгсгөл болсон гэж үздэг байна.