АНУ, Ирак дахь цэргийн ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдлээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Вашингтон Ирак дахь цэргийн ажиллагаагаа дуусгавар болгохоор шийдвэрлэсэн талаар мэдээллээ. Энэ талаар Байден Цагаан ордонд Иракийн ерөнхий сайд Мустафа аль Казымиг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

Америкийн тэргүүн мэдэгдэлдээ энэ оны сүүлч гэхэд АНУ, Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаа, энхийг сахиулах үйл явцаа дуусгавар болгоно гэдгийг онцолсон байна. Хэдийгээр Вашингтон Ирак дахь цэргийн ажиллагаагаа дуусгахаар төлөвлөж байгаа ч Афганистанаас цэргээ гаргасан шиг шууд гаргахгүй, харин цэргийн зөвлөх баг үлдэн хууль хүчний байгууллагынханд дэмжлэг үзүүлэх юм. Жо Байден энэ талаар мэдэгдэхдээ: -Бид Ирак дахь ардчиллын үйл явцыг бүх талаар дэмжиж байна. Бид Иракт ирэх 10-р сард болох бүх нийтийн сонгуулийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлж, Исламын энэ улсад аюулгүй, тогтвортой байдал бий болгохын төлөө цаашид ч хамтран ажиллах болно. Бидний хамтын ажиллагаа алан хядлага, терроризмыг бүрэн нухчин дарах хүртэл үргэлжилж, шинэ үе шатанд шилжих болно гэжээ.

Персийн булангийн Арабын улс орон болох Иракт өнөөдрийн байдлаар 2,500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Америкийн цэргийн хүчин байрлаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд энэ тоо 3 мянга байсныг ерөнхийлөгч Трампын үед цэргээ гаргаж эхлэн тоо нь цөөрөөд байгаа юм. Байден ийнхүү мэдэгдэхдээ Иракт энэ оны сүүлч гэхэд чухам хэдий тооны цэрэг үлдэх талаар тодорхой мэдээлээгүй ч энэ улсад коронавирусний халдвартай тэмцэхэд зориулан 500 мянган тун вакцин илгээхээр болсон талаар мэдээлжээ. Байден ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газарт ажиллаж байхдаа Иракийн асуудлаарх бодлогыг хариуцаж байсан учрас Персийн булангийн энэ оронд урьд нь нэг бус удаа очиж байжээ.