Үйл явдал

“Амели” нэр авсан далайн шуурга Атлантын далайн эрэг дагуух Францын нутаг дэвсгэрт шуурч байна. Гамшигт үзэгдлийн улмаас Францын баруун өмнөд хэсгийн Жирондед салхины хүч цагт 150 км хүртэл ширүүсч, 140 мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорчээ.

Францын Ниццад ердөө хагас цагийн дотор 50 мм хур тунадас орсон байна. Гамшигт үзэгдлийн улмаас Францын 4 мужид аюулын хамгийн өндөр буюу “улбар шар” түвшин тогтоожээ. Намрын улирлын анхны далайн хар шуурганд түүнчлэн Испанийн хойд хэсэг өртжээ. Испанийн Майорка арал дээр хотын цэцэрлэгт хүрээлэнд 37 настай эмэгтэй хүчтэй салхинд унасан далдуу модонд цохиулан амиа алдсан байна. Түүнтэй хамт явж байсан охин нь хүнд бэртжээ. Италийн баруун хэсгийн Лигурияд үргэлжлэн орж байгаа хүчтэй аадар борооны улмаас Вара гол үерлэн эргээсээ хальсан байна. Үерийн улмаас эрэг дагуу байрлалтай байшингаас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн ням гарагт Сан Ремо амралт аялал жуулчлалын хотоос холгүй байрлах Сан-Пьетрод 60 гаруй хүн усанд боогдон, гадаад ертөнцөөс таслагджээ. Энд үерийн улмаас хөрсний нуралт үүсч, замыг нь хаасан байна.