Үйл явдал

Тайландын Чиангмэй мужийн Дой-Интанон уулын бүс сүүлийн үед нутгийн иргэд, гадны аялагч жуулчдын хөлд дарагдаад байна. Учир нь ихэнхдээ халуун дулаан уур амьсгалтай байдаг энэ улсад өвлийн улирал албан ёсоор айлчлан ирж, уулын бүсэд хүйтэн цаг агаартай байгаагаас байгалийн өвөрмөц ховор үзэгдэл ажиглагдаж байгаа гэнэ. 

Тайландын цаг уурын алба улсынхаа хойд хэсгийн Чиангмэй мужид албан ёсоор өвлийн эхэн сар гарсныг мэдэгджээ. Дой-Интанон уулын бүсэд хүйтэн сэрүүн цаг агаартай байгаагаас өглөөдөө ууланд манан бууж, хүчтэй салхитай байгаан дээр агаарын температур 11 градус хүртэл буужээ. Хүмүүс хүйтэн сэрүүнийг мэдрэхийн тулд зориуд энэ нутгийг зорин ирж, дулаан хувцаслан, малгай ороолт зүүж, цаг агаарын энэ өвөрмөц нөхцөл байдлыг мэдрэхээр ирж байгаа юм. Тайландын хойд нутгуудаар энэ жил өмнөх жилүүдээс илүү хүйтэн жихүүн байж, өглөөдөө уулын бүсэд агаарын даралтаас шалтгаалан манан бууж, ихэд өвөрмөц дүр төрхтэй байгаа юм.