Улс төр

Беларус улсад ерөнхийлөгчийн сонгууль болоод бараг хоёр сар болох гэж байна. Сонгуулийн үр дүнг иргэдийн ихэнх хувь нь эсэргүүцэж, жагсаал цуглаан хийсээр байгаа. Беларус улсын одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко нь ЗХУ задарснаас хойш тасралтгүй 26 жил улсынхаа ерөнхийлөгч хийж байгаа. 8-р сарын 9-нд болсон сонгуулиар ихэнх иргэд өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүч байгаагаа илэрхийлж байлаа.

Сонгуулиар Лукашенкогоос өөр нэр дэвшигч сонгогдох нь иргэдийн хандлагаас бараг тодорхой болоод байсан юм. Харин сонгуулийн дүнгээр Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр саналын 70 гаруй хувийг цуглуулсанд иргэд итгэж чадахгүй байгаагаас гадна ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хоёр сарын турш ОУ-ын эрхийн байгууллагууд болон Европын холбооноос энэ асуудал дээр хориг тавих гэх мэтээр ерөнхийлөгчийг үнэнч шудрага байхыг уриалаад байгаа. Гэхдээ Александр Лукашенко дахин сонгууль явуулахгүй, албан үүргээсээ огцрохгүй гэдэг шийдвэртээ бат зогсож байна.

Өчигдөр нийслэл Минск хотод 100 мянга гаруй хүн жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийллээ. Улсын хэмжээнд бусад есөн хотод иргэд жагсаал хийсээр байгаа тухай бүс нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал бараг 50-дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Үүнээс гадна Беларусь улсын хэмжээнд 200 гаруй иргэн жагсаал цуглаантай холбоотой асуудлаар баривчлагдаад байна. Энэ бол Беларусь улсаас гадна ЕХ-ын түүхэнд болж байгаа хамгийн урт хугацаанд үргэлжилсэн жагсаал цуглаан юм. Иргэд цаашдаа хэр удаан эсэргүүцлээ илэрхийлж, энэ хэвээрээ байх нь тодорхойгүй байна.