Улс төр

Японы Засгийн газрын шинэ Ерөнхий сайдаар Суга Ёшихидэ сонгогдлоо. Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч, 9-р сарын 14-нд Либерал Ардчилсан намын даргаар Суга Ёшихидэ сонгогдон, шинэ ерөнхий сайд болох нь бараг л тодорхой болоод байсан. Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ Япон Улсын түүхэнд хамгийн удаан тасралтгүй алба хашсан Ерөнхий сайд болоод байсан.

Үүнээс гадна Суга Ёшихидэ  намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчлээд  байна. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Никай Тошихиро үргэлжлүүлэн ажиллах болж байна. Харин намын бодлого хариуцсан улс төрийн зөвлөлийн  даргаар боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг томиллоо. Тэрбээр урт хугацаанд улс төрд ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.  

Суга Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын ажлын албаны ахлагч, хэвлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж Абэгийн ойрын туслах байсан, бүх цаг үеийн дотно хамтрагч нь байжээ. Энгийн тариачны гэр бүлээс гаралтай тэрбээр их сургуульд сурах төлбөрөө өөрөө олж, амжилтад хүрэхийн тулд бүхнийг эхнээс нь эхлэсэн гэдгээр нь Японы иргэд болон улс төрчид ихээхэн хүндэлдэг байна.