Улс төр

Өчигдөр дэлхийн зааныг хайрлаж хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдөр улс орнууд зааны хууль бус худалдаа болон тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарсан үйл ажиллагааг явуулжээ.

2011 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн зааны өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Дэлхийн зааны өдрөөр байгаль хамгаалах байгууллагуудын тусламжтайгаар иргэдэд заантай холбоотой мэдээлэл түгээж, тэжээвэр болон зэрлэг заанд тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ жилийн хувьд Сингапурт есөн тонн зааны соёо устгасан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд болсон хамгийн том зааны соёо бутлах арга хэмжээ бөгөөд Сингапур улс 11 сая еврогийн үнэ бүхий ховор бүтээгдэхүүнээс татгалзжээ. Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг хатуу байр суурьтай байгаагаа харуулах зорилгоор ийнхүү зааны соёо буталсан байна. Зааны соёо өндөр үнэтэй байдгаас гадна хүмүүс бэлэг дурсгал сувинерийн байдлаар ашиглах нь их байдаг. Энэ нь зааны эд эсийг байгалийн бус аргаар авч байгаа зүйл учраас тэднийг эмзэглүүлж байгаагаас ялгаагүй юм. Энэ арга хэмжээ нь “Дэлхийн зааны өдөр” –ийг тохиолдуулан хэдэн өдрийн турш явагддаг. Наймдугаар сарын 11-нд Сингапурын үндэсний парк зааны соёо бутлах арга хэмжээг цахимаар шууд дамжуулсан байна. Үүнээс гадна онцлоход Сингапурын анхны “Зэрлэг ан амьтан хамгаалах хууль зүйн төв”яг энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Зэрлэг ан амьтан хамгаалах үндэсний төв нь хууль бус худалдаанд оролцсон тохиолдлуудыг судалж, олон улсын хууль бус наймааны эсрэг тэмцэлд Сингапурын оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.