Улс төр

Хэдхэн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Хонконг засаг захиргааны бүсэд нэг өдөрт бараг л 10 хүрэхгүй халдварын тохиолдол батлагдаж байсан. Харин сүүлийн үед халдварын дэгдэлт эрчимжиж нэг өдөрт хэдэн зуугаараа иргэд халдвар авч байна. Үүнтэй холбоотойгоор 9-р сарын 6-нд болох байсан парламентын сонгуулийг нэг жилээр хойшлуулжээ.

Энэ тухай мэдэгдлийг Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам баасан гарагт мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ

“Сонгуулийн товыг хойшлуулах нь маш хүнд шийдвэр хэдий ч ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шударга, нээлттэй санал хураалт явуулахын тулд зайлшгүй авах алхам юм. Коронавирусний цар тахал Хонконгийн эдийн засагт сүүлийн 7 сарын хугацаанд томоохон цохилт өгөөд байна”

хэмээн мэдэгджээ.

Хонконгийн сөрөг хүчнийхэн сонгуулийн товыг хойшлуулах нь тэдний боломжийг бууруулна гэж үзэж, энэ санааг эсэргүүцсэн байна. Тэдний зүгээс парламентыг хянаж, Хятадын талыг баримталсан аливаа хууль тогтоомжид хориг тавих боломжтой болохын тулд парламентын суудалд тал хувийг нь эзэлнэ гэж тооцоолсон байгаа юм. Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент. Сүүлийн арван өдөр Хонконгт халдварт өвчний нөхцөл байдал эрс муудаж, өдөрт халдварын зуу гаруй шинэ тохиолдол илэрч байна.