Улс төр

Брюссель хотод Европын холбооны гишүүн орны удирдагчид цар тахалтай тэмцэх эдийн засгийн сэргээлтийн санг төвлөрүүлэхээр хуралдаж байгаа. Хурлыг түр завсарлуулсан гишүүд өчигдөр орон нутгийн цагаар 16 цагт үргэлжлүүлж, тодорхой шийдвэрт хүрчээ.

Европын холбооны гишүүн орнууд цар тахалтай холбоотой эдийн засгаа сэргээх сан бий болгох хуралдаанаар нэлээдгүй санал бодол зөрчилдөн, хоёр өдөр болох байсан хурал дөрвөн өдөр үргэлжилсэн. Өчигдрийн уулзалтын үеэр эдийн засгийн зарцуулалтын асуудалд арвич хямгач гэгдэж байсан Австри, Дани, Герман, Нидерланд, Швед Улсын эрх баригчдын зүгээс буулт хийн, талууд эдийн засгийн сангийн төсөв, төлөвлөгөөг баталлаа.

750 тэрбум евро байхаар төлөвлөж байсан сангийн төсвийг 672.5 тэрбум евро болтол танасан байна. Өөрөөр хэлбэл, 500 тэрбумын буцалтгүй тусламж олгох байсныг 312.5 тэрбум евро болгон бууруулжээ.  Харин 360 тэрбум еврог зээл хэлбэрээр олгоно.

Хурлыг тэргүүлж байгаа гишүүдийн зүгээс амаргүй байсан ч, шийдэлд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Уулзалтын үеэр 1.68 их наяд еврогийн төсөвтэй долоон жилийн эдийн засгийг сэргээх сангийн тухай ч бас онцлон хэлэлцсэн байна.  Энэ тухай Германы канцлер Ангела Меркел халдварын тархалт өндөржиж, хамгийн их гарз хохирол амссан улсуудад их хэмжээний тэтгэмж олгох нь зөв гэж бодож байгаагаа илэрхийллээ. Харин зарим улсын хувьд эдийн засгийн шинэчлэлийн шаардлагуудтай уялдуулан шийдвэр гаргах нь зөв гэж мэдэгдсэн байна.