Улс төр

Беларусийн нийслэл Минск болоод өөр хэд хэдэн хотод иргэдийн жагсаал цуглаан болж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөнөөр өндөрлөжээ. Иргэд удахгүй болох Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний хоёр нэр дэвшигчийг СЕХ нь бүртгэхээс татгалзсаны дараагаар ийнхүү гудамж талбайдаа гарч эсэргүүцсэн байна.

Минскт болсон үймээний үеэр хүний эрхийн байгууллагын мэдээлж байгаагаар цагдаа нар 30-аад хүнийг баривчлан саатуулсан байна. Тэдний дотор  сэтгүүлчид, блогерууд, мөн насанд хүрээгүй иргэд ч байгаа юм. Беларусийн СЕХ сөрөг хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргаж, иргэдийн гарын үсэг зуруулж, баримт бичгээ бүрдүүлэн өгсөн Валерий Цепкало болон Виктор Бабарико нарыг нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэхээс татгалзжээ. Шалтгаан нь Валерий Цепкалогийн хувьд түүний цуглуулсан гарын үсгийн талаас илүүг нь тооцоогүй учраас дэмжлэг хүлээж чадаагүй гэсэн шалтгаанаар, харин Белгазпромбанкны экс тэргүүн Виктор Бабариког декларацаа буруу бөглөсөн, мөн түүний сонгуулийн кампанит ажилд гадны байгууллагын нөлөө орсон гэсэн шалтгаанаар хасчээ. Бабарико нь түүнчлэн мөнгө угаасан гэмт хэрэг, татвараас зайлсхийлсэн, мөн бусдад авлигал өгсөн хэргээр саатуулагдаж байгаа юм.

Тэгвэл Беларусийн СЕХ-ноос дээрх  шалтгаануудаар хассан нэр дэвшигчдийг ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөж байгаа одоогийн тэргүүн Александр Лукашенкогийн гол өрсөлдөгчид гэж тооцож байжээ. Ингэснээр ирэх 8-р сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна.