Улс төр

Армян-Азербайжаны хил дээрх нөхцөл байдал өнөөдрийг хүртэл тайван бус байна. Хоёр улсын хилийн бүсэд, тодруулбал Товуз дүүргийн орчимд талууд өнгөрсөн ням гарагт артиллерийн зэвсгээр харилцан гал нээсэн юм. Тэгвэл талуудын хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөнд зэвсэгт цэргийнхэн төдийгүй мөн энгийн номхон иргэд өртөж, нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж байна.

Азербайжаны батлан хамгаалах яамны албаны мэдэгдэлд дурьдсанаар анх 7-р сарын 12-ны өдрийн үд дунд Армяны зэвсэгт хүчний зүгээс Товуз орчмын хоёр улсын хилийн бүсэд гал зогсоох хэлэлцээрийг зөрчин, артиллерийн зэвсгээр гал нээсэн байна. Энэхүү дайралтын улмаас хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, 5 хүн шархадсан юм. Тэгвэл хилийн бүсэд нөхцөл байдал тогтворгүй хэвээр байж, Бакугийн эрх баригчдын мэдээлж байгаагаар Товуз дүүргийн Агдам сууринд артиллерийн халдлагад нутгийн иргэн нэмж амиа алдсан байна. Нийтдээ сүүлийн хоёр хоногт хилийн зөрчил, зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжаны 11 цэргийн албан хаагч, нэг энгийн номхон иргэн амиа алджээ. Азербайжаны батлан хамгаалах яамны орлогч сайд Керем Велиевын мэдээлснээр амиа алдсанн дайчдын дотор армийн хошууч-генерал болон хурандаа цолтой хүн байгаа юм.

Тэгвэл Армяны тал хилийн сөргөлдөөнд 4 цэргийн албан хаагчаа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар мэдээлжээ. Ингэснээр хоёр тал нийтдээ 16 хүнээ алдаад байгаа юм. Армян-Азербайжаны хооронд үүсээд байгаа энэ удаагийн зөрчил нь 2016 оны 4-р сараас хойшхи хамгийн томоохон зөрчилдөөн болжээ. Түүнчлэн мягмар гарагийн өглөө Армяны ерөнхий сайд Никол Пашинян болон төрийн хэд хэдэн яамдын интернэт сайтууд кибер халдлагад өртсөн талаар Ереван мэдээлсэн байна. Армяны батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар энэ сарын 12-нд Азербайжаны хилийн цэргүүд хоёр удаа хилийн зөрчил гаргаж, хил дээрх хяналтын цэгийг эзлэхийг завджээ. Армяны тал үүний хариуд Азербайжаны суурин газрууд руу артиллерийн зэвсгээр гал нээсэн ч хүн ам руу, цэргүүд рүү биш харин дэд бүтэц, техник рүү онилж байснаа мэдэгджээ.

Азербайжаны тал ч мөн адил энгийн номхон иргэд рүү гал нээгээгүй гэж мэдэгдэж байгаа юм. Гэсэн ч Армяны батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч улсынх нь Тавуш мужийн Берд сууринг Азербайжаны цэргийнхэн агаараас дайралт хийж, харвасан гэж мэдээлжээ. Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев хоёр улсын хил дээр үүссэн нөхцөл байдлыг Армяны талаас хийсэн өдөөн хатгалаг гэж үзэн, улсынх нь газар нутгийг хууль бусаар булаан эзлэхийг завдаж байгаад буруутгажээ.