Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19 коронавируст халдвар дэлхийг хамран цар тахал болон дэгдэж, АНУ халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгааг сая ухамсарлаж, олны нүдэн дээр анх удаа амны хаалт зүүн гарч иржээ. Сүүлийн хагас жилийн хугацаанд 12 сая гаруй хүн халдварлаж, 565 мянган хүний амь насыг авч одсон цар тахал аюул гамшгийн хэмжээнд хүрснийг Цагаан ордны тэргүүн амны хаалт зүүснээрээ сая л хүлээн зөвшөөрч байгаа бололтой. 

АНУ, ДЭМБ болон Жон Хопкинсын их сургуулиас гаргадаг статистик тоон мэдээгээр COVID-19 коронавирусын халдварын тоогоороо 1-т бичигдэж байгаа. АНУ-д өнөөдрийн байдлаар цар тахлын 3 сая 370 мянган тохиолдол бүртгэгдэж, 137 мянган хүн амиа алдаад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал дэгдсэнээс хойш анх удаа олон нийтийн өмнө амны хаалт зүүн гарч ирсэн байна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн бямба гарагт Вашингтоны дор байрлах Уолтер Ридын нэрэмжит цэргийн эмнэлгээр зочлох үеэрээ амны хаалт зүүн иржээ. Тэрээр энд COVID-19 коронавирусын халдвартай тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнууд болоод гэмтэж шархадсан цэргийн алба хаагчидтай уулзсан байна.

Цагаан ордныг орхин явах үеэрээ Трамп сэтгүүлчдэд хандан:- Амны хаалт зүүх нь эвтэйхэн юм. Би хэзээ ч амны хаалт зүүхийг эсэргүүцэж байгаагүй, зүгээр л цагийн юм цагтаа гэдгийг л хэлэхийг хүсч байна гэжээ.

Америкийн хэвлэл мэдээллийнхэн ерөнхийлөгч Трампыг олон нийтийн өмнө, хэвлэлийн бага хурал хийлгэхдээ амны хаалт зүүхийг нэг бус удаа уриалж байсан ч тэрээр саяхныг хүртэл энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсаар байсан юм. Тэгвэл зарим нь ерөнхийлөгчийг амны хаалт зүүснээр өөрийг нь дорой харагдуулж, цар тахлыг хүлээн зөвшөөрсөн мэт болгоно гэдгээс эмээн, амны хаалт зүүхээс татгалзаж байсан ч гэж үзэж байжээ. Түүнчлэн Трамп олны нүдэн дээр амны хаалттай гарч ирэх нь улсынх нь эрүүл мэндийн салбар цар тахалтай сайн тэмцэж чадахгүй байгааг илтгэнэ ч гэж үзэж байсан гэнэ.