Улс төр

АНУ-ын Дээд шүүх улс орондоо ихээхэн дуулиан шуугиан тарьж байсан томоохон шүүх үйл явцад цэг тавилаа. Бараг 2 жил үргэлжилсэн шүүх үйл явцын дүнд Нью Йоркийн прокурорын албанаас тавьсан шаардлагын дагуу Дээд шүүх ерөнхийлөгч Дональд Трампыг сүүлийн 9 жилийн хугацаан дахь хөрөнгө орлогын мэдүүлгээ гарган танилцуулахыг даалгасан шийдвэр гаргажээ.

Нью Йоркийн тойргийн прокурор Сайрус Вэнсийн Дээд шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ерөнхийлөгч Трампын татвар, хөрөнгө орлогын дагуух хэргийг хариуцаж байсан Mazars санхүүгийн фирм, мөн түүнчлэн Германы Deutsche Bank банк, Америкийн Capital One банк ерөнхийлөгчийн сүүлийн 9 жилийн хугацааны хөрөнгө орлого, татвар төлөлт, зээл, бусад санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил болгох ёстой болжээ. Эдгээр санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн Трампыг өөртэй нь дотно харилцаанд орж, улмаар их хэмжээний мөнгө авч дуугаа хураасан гэх хоёр эмэгтэйтэй холбоотой мөрдөн шалгах ажил ил болж, үнэхээр тэдэнд нууцаар мөнгө өгсөн эсэх нь тодорхой болно гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгч Трампыг хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг шаардсан шийдвэрийг Дээд шүүхийн 7 шүүгч дэмжиж, 2 нь эсэргүүцжээ. Түүнчлэн Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бусад доод шатны шүүхээс давж заалдахыг хориглосон байна. Ингэснээр ирэх 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Трампын санхүүгийн баримт материал, мэдээлэл ил болох үндэслэл бүрджээ.