Улс төр

Хонконгод Үндэсний аюулгүй байдлын алба байгуулагдан, лхагва гарагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Шинээр байгуулагдаж байгаа албаны нээлтийн ёслолын ажиллагаанд Хонконг дахь Хятадын төв засгийн газрын албаны дарга, тусгай бүсийн засаг захиргааны тэргүүн, бусад албаны хүмүүс оролцжээ.

Үндэсний аюулгүй байдлын алба байрлах барилгын дэргэд нээлтийн өдөр цагдаагийн тусгай хамгаалалт гаргаж, аюулгүй байдлыг сахин хамгаалжээ. Барилгын өмнө 2 метрийн өндөр хуванцар хаалтууд босгосон байна. Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын алба нь Виктория цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талд байрлах Козуэй-бэй дүүргийн зочид буудлын барилгад байрлаж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын парламент Хонконгод мөрдөгдөх Аюулгүй байдлын тухай шинэ хууль баталж, улмаар Аюулгүй байдлын алба байгуулан үүрэгт ажилд нь оруулж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг нийтээр дагаж мөрдөхийг уриалж, цаашид Аюулгүй байдлын хуулинд заагдсан зүйл заалтуудыг сахихыг хүссэн байна. Хонконгийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар шинэ хууль тогтоомж нь алан хядлага, терроризм, салан тусгаарлах үзэл баримтлал, төрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн чухал хууль гэж үзэж байна.

Барууны улс орнууд Хонконгод батлагдан мөрдөгдөж байгаа Аюулгүй байдлын хуулийг автономит статустай, “нэг улс-хоёр тогтолцоо”-ны журам үйлчилдэг Хонконгийн ардчиллыг булшилсан шийдвэр гэж үзэж байгаа ч Хятадын засгийн газар улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсчээ.