Улс төр

БНХАУ-ын төв Засгийн газраас Хонконгийн үндсэн хууль тогтоомжид нэмэлт зүйл заалт болгон баталсан Аюулгүйн байдлын тухай хуулийг Барууны улс орнууд эсэргүүцэж байна. АНУ, Австрали, Европын улс орнууд Хонконгод мөрдөгдөж эхэлсэн Аюулгүй байдлын хуулийг шүүмжлэн, Хятад улс ийм маягаар Хонконг арлын автономит эрх, тусгаар байдлын тухай “нэг улс-хоёр тогтолцоо” гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзжээ.

Их Британи улс Хонконг арлыг 1898-1997 оны хооронд 99 жилийн түрээсээр авч, өөрийн колони болгосон юм. 1997 онд Хонконг арлыг Их Британи улс БНХАУ-д эргүүлэн нэгтгэхдээ энэ аралд автономит эрх олгон, 2047 оныг хүртэл 50 жилийн хугацаагаар иргэдийг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эдийн засгийн хараат бус хөгжлийн чиг хандлага бүхий, тусгаар бүс байлгах зарчимтайгаар шилжүүлэн өгсөн.

Тэгвэл Хонконгийн иргэдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө Хятадын Төв засгийн газраас баталсан Аюулгүй байдлын тухай хуулиар ийнхүү хумигдаж байна гэж Хонконгчууд төдийгүй Барууны улс орнууд үзэн, эсэргүүцэж байгаа юм. Хонконгийн тусгаар байдлыг хамгаалсан “нэг улс-хоёр тогтолцоо” гэсэн зарчим Их Британи болон Хятадын хооронд байгуулсан гэрээ ёсоор 50 жилийн хугацаанд буюу 2047 оныг хүртэл хэвээр, хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой байжээ.