Улс төр

АНУ-д өнгөт арьст иргэний аминд цагдаагийн ажилтнууд халдсан явдлаас үүдэлтэй олон нийтийг хамарсан эсэргүүцлийн аян бүтэн 7 хоногийн туршид үргэлжилж байна. Афро-америк гаралтай Жорж Флойд гэх хүн цагдаагийн ажилтны балмад үйлдлийн улмаас хүчинд автан амиа алдсан явдал Америк оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэл өрнөхөд хүргэж, хаа сайгүй уурлаж бухимдсан иргэд гудамж талбайдаа гаран жагсч байгаа юм.

АНУ-ыг Эрх чөлөөний орон гэдэг ч үнэн хэрэгтээ энэ улсад өнөөг хэр нийгмийн гарал үүсэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлхийн бусад улс орноос илүүтэй бат бэх оршин тогтносоор байгаа нь сүүлийн үед өрнөсөн үйл явдлаар батлагдаж байгаа юм. Тэгвэл Америкт иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл, системчлэгдсэн расизм буюу арьс өнгөөр ялгаварлах явдал байсаар байгааг Цагаан ордны албаны хүн хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Келлиэнн Конуэй улс орондоо дэгдсэн сүүлийн үеийн үйл явдлыг ийнхүү дүгнэн хэлж, ялгаварлан гадуурхалт байсаар байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Конуэй түүнчлэн Миннеаполист афро-америк гаралтай иргэн цагдаа нарын гарт амиа алдсан явдлыг Америкийн хуульзүйн яам Холбооны түвшинд нягтлан шалгахаар болсон нь зөв зүйтэй алхам гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.