Улс төр

Украины Дээд Рад ерөнхий сайд Алексей Гончарук тэргүүтэй улсынхаа засгийн газрыг огцруулсан байна. 

Гончарукийн тэргүүлж байсан Украины засгийн газар ердөө хагас жил ажиллаад, ийнхүү ерөнхийлөгчийн шахалтаар огцорч байгаа юм. 

Украины Дээд Рад лхагва гарагт нэгдсэн санал хураалт явуулж, ерөнхий сайд Алексей Гончарукийн тэргүүлж байгаа засгийн газарт итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцжээ. Улмаар Дээд Радын гишүүдийн дийлэнх олонхи буюу нийт 353 гишүүний саналаар Гончарукийн тэргүүлж байгаа засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэсэн байна. Саналыг батлахад Дээд Радын гишүүдийн 226 санал байхад хангалттай байжээ.

Ийнхүү Украины парламентын гишүүд олонхийн саналаар засгийн газраа огцруулах санал өгснөөр энэ улсын үндсэн хуулинд заасан ёсоор засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Дээд Радын шийдвэрийн дараа Алексей Гончарук засгийн газрын тэргүүний суудлаасаа огцрох хүсэлтээ ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан гаргажээ. Зеленский ерөнхий сайдаа албан сэнтийгээс нь буулгах тушаалд гарын үсэг зурахтайгаа зэрэгцэн дараагийн засгийн газраа эмхлэн байгуулах үүргийг Денис Шмыгальд өгчээ. Денис Шмыгаль нь Гончарукийн засгийн газарт шадар сайдын үүрэг гүйцэтгэж байжээ.