Улс төр

Швейцарын Давост ажлаа эхэлсэн Дэлхийн Эдийн засгийн форумын хүрээнд Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз Шведын өсвөрийн эко идэвхтэн Грета Тунбергтай уулзжээ. Тэд дэлхийн цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцсэн байна.

Хунтайж Чарльз залуу идэвхтэн Грета Тунбергтай уулзах үеэрээ 2020 онд дэлхий дахин байгаль, цаг уурын асуудлаар нэгдсэн зөв бодлого чиглэл боловсруулан, нэгдэн нийлж ажиллах болно гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Хунтайж Чарльз түүнчлэн дэлхийн улс орнуудын хувьд өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулаарлын асуудал хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал болохыг тэмдэглэж, улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “парадигмаа” өөрчлөх цаг ирснийг тэмдэглэжээ. Тэрээр залуу идэвхтэн Грета Тунбергийн гаргаж байгаа санаачлагатай санал нэгдэж байгаагаа илэрхийлж, улс орнууд, засгийн газар, бизнесийн салбарынхан агаар мандалд цацагдаж байгаа хорт хийн хэмжээг бууруулах асуудлаар “тодорхой бодлого төлөвлөгөө” боловсруулах нь зүйтэй гэжээ.