Тусгай хамгаалалттай бүсэд дахин газар олгохгүй, зөвшөөрөл олгогдсон бол 5-аас дээш давхар барилга бариулахгүй

Нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар авсан ч барилга орон сууц барьж суурьшлын бүс болгож буй асуудал нийслэлд төдийгүй орон нутагт ч гарч байна.

Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн эрхийн зөрчил үүсэх, тусгай хамгаалалттай газрын тухай хууль зөрчигдөх зэрэг олон асуудал тулгарч байгаа юм. Тэгвэл үүнтэй уялдуулан 1994 онд батлагдсан энэ хуульд өөрчлөлт оруулах, хязгаарлалтын бүсэд амьдардаг иргэдэд тодорхой үүрэг хүлээлгэх зэрэг асуудлыг албаныхан ярьж эхэллээ.  

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдах үед дархан цаазат газар гэж байсныг нарийвчлан онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж гурав хуваасан. Үүнээс хойш иргэд хязгаарлалтын бүсэд ихээр оршин сууснаас суурьшлын бүс үүсээд байгаа юм.

Нийслэлтэй хамгийн ойрхон хязгаарлалтын бүс буюу Богд уулын орчимд байх оршин суугчдын тоо дөчин мянгыг давсан байна. Үүнээс үүдэн амьтад суурьшлын бүсэд орж ирэх, бэлчээр нутаг талхлагдах зэрэг эрсдэлүүд үүсээд байгаа юм. Тиймээс тусгай хамгаалалтын газрын хамрах хүрээг өөрчлөх, хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.

Дархан цаазат газрууд суурьшлын бүс болсон явдал сүүлийн 30 жилийн хугацаанд үүссэн асуудал юм. Социализмын үед богдын ам орчимд суурьшлын бүс үүсээд байсныг албадан шилжүүлж байсан  удаатай гэлээ. Гэсэн ч одоо энэ хэсэгт байх айлуудыг нүүлгэн шилжүүлэх боломжгүй. Тиймээс тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байна. Тухайлбал, хязгаарлалтын бүсэд амьдардаг иргэд гал түлэхгүй байх, олон тооны нохой тэжээхгүй байх зэрэг үүргийг хуулийн дагуу хүлээх шаардлагатайг ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ хэллээ. 

Зайсан, Яармаг орчмыг 2013 оны УИХ-ын тогтоолоор шинэ суурьшлын бүс болгон баталсан байдаг. Ингэснээр энэ орчимд газар олголт гаарч, орон сууц хороолол ихээр баригдах болсон. Үүнтэй холбоотойгоор суурьшлын бүсэд амьтан үзэгдэх, дайжих зэрэг асуудлууд гарах болжээ. Тиймээс тусгай хамгаалалттай бүсүүдэд дахин нэмж газар олгохгүй байх, хуульд дээрх өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.