Улс төр

Ливанд сүүлийн сар гаруйн туршид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж байна. Ливаны нийслэл Бейрут хотын төв гудамжинд майхан хотхон бий болж, жагсагчид төрийн тэргүүнээ огцрохыг шаардан жагссаар байгаа юм. Ливанд дэгдсэн эсэргүүцлийн ажиллагааг ажиглагчид Арабын хаврын хувьсгал хүчээ аван өрнөж, Арабын намар гэж нэрийдээд байна. 

Олон улсын ажиглагчид түүнчлэн олон жилийн иргэний дайны дараа Ливаны иргэд анх удаа ийнхүү өмнөх үл ойлголцол, нийгмийн гарал үүсэл, үндэстэн хоорондын талцлаа умартаж хоорондоо эвлэлдэн нэгдсэнийг тэмдэглэж байна. Ливанд өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаал цуглааныг хөдөлгөгч гол хүч нь залуус байгаа юм. Тэдэнд улс орных нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хамгийн гол нь улс төрийн элитүүдийн хэнэггүй, дээрэнгүй, үл тоомсорлох байдал тэднийг нэгтгэн зангидаж байна.

Ливаны жагсагчдын шахалт шаардлагын дүнд энэ улсын засгийн газар, ерөнхий сайд огцорч, улмаар тэд улсынхаа төрийн тэргүүнийг мөн үүргээ гүйцэтгэх чадваргүй байгаад буруутган тэмцэж байгаа юм. Ливаны эрх баригчид сайд нарын шинэ танхим бүрдүүлэхээр ажиллаж байгаа хэдий ч жагсагчдын эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Ливаны сангийн сайд асан Мухаммед Сафадигийн ярьснаар жагсагчид улсынхаа парламентын ордныг бүслэн хаасан учраас улс төрчид хуран цуглаж, хуралдах аргагүй байгаа юм.

Ливанд үүсээд байгаа улс төрийн хямралаас хэрхэн гарах арга зам одоогоор тодорхойгүй хэвээр байна. Тэгвэл энэ хооронд улс оронд үргэлжилсээр байгаа жагсаал цуглаан Ливан улсыг эдийн засгийн гүн гүнзгий хямралд өртүүлэхэд ойрхон нөхцөл байдал үүсгээд байгаа юм.