НҮБ: Афганистанд мянгаад энгийн номхон иргэн амиа алдаад байна

Улс төр

НҮБ-ын мэдээлж байгаагаар дэлхийн халуун цэг болоод байгаа Афганистанд сүүлийн сарын хугацаанд мянгаад энгийн номхон иргэн амиа алджээ. Түүчлэн талибын зэвсэгт дайчдын явуулж байгаа зэвсэгт тэмцлийн улмаас Афганистаны хойд хэсгийн мужуудад хэдэн мянган хүн орон гэрээ орхин дүрвэжээ. 

Афганистаны иргэд аюулгүй байдал хайн, нийслэл хотоо олноороо зорьж байгаа юм. Кабул хотын захад дүрвэгсдийн хуарангууд байгуулсан ч хүмүүст хүрэлцэхгүй байна. Орон гэр, нутаг орноосоо дайжсан хүмүүс талх авах ч мөнгөгүй, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах мөнгөгүй, өдөр хоногийг маш хүнд нөхцөл байдалд өнгөрүүлж байна.

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани улсынхаа армийн ерөнхий командлагчийг сольж, армийн штабын удирдагчаар тусгай хүчний командлагч, генерал Хебаттулла Ализаиг томилжээ.

Афганистанд ийнхүү дотоодын нөхцөл байдал тогтворгүйтэж, халдлага хүчирхийлэл гаарсан нь Катарын нийслэл Доха хотод Афганистаны энхийн асуудлаар Хятад, Пакистан, Орос, Америкийн оролцоотой явагдаж байсан яриа хэлэлцээрийг зогсонги, мухардмал байдалд оруулжээ. Талибаны зэвсэгт бүлэглэл Афганистаны энхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээр, хүчин чармайлтыг тасалдуулахгүй гэдгээ мэдэгдсэн ч Кабулын эрх баригчид тэднийг яриа хэлэлцээр, энхийн үйл явцыг дэмжихгүй, харин хүчирхийллийн замаар зорилгодоо хүрэхийг чармайж байгаад буруутгажээ.