Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин нар Бразилын нийслэл Бразилия хотноо болж байгаа БРИКС-ын улс орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд нүүр тулсан уулзалт хийжээ. Путин, Ши Жинпин нарын хувьд тэдний энэ уулзалт он гарснаас хойшхи хугацаанд хийж байгаа 3 дахь нүүр тулсан уулзалт болсон байна. Бразилын нийслэл энэ сарын 13, 14-ний өдрүүдэд БРИКС-ын улс орнуудын төр засгийн тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт болж байгаа юм.

Бразилия хотноо болж байгаа БРИКС-ын улс орнуудын төр засгийн тэргүүлэгчдийн уулзалтад Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Эдгээр 5 улс орныг хооронд нь нэгтгэдэг хамтын ажиллагааны байгууллагыг ирэх 2020 онд ОХУ тэргүүлэх юм. Путин, Ши Жинпин нар дээд уулзалтын хүрээнд нүүр тулсан уулзалт хийж, хоёр улсын стратегийн харилцаа холбоо, олон улсын анхаарал татсан үйл явдлын талаар хэлэлцсэн байна.

Оросын төрийн тэргүүн уулзалтын үеэр Москва Бээжингийн харилцаа гадны ямарваа нөлөөнд авталгүйгээр, хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглээд талууд “стратегийн харилцаагаа” бүх талаар хөгжүүлэхэд ихэд анхаарал тавьж байгааг тэмдэглэжээ. Путин энэ талаар мэдэгдэхдээ: -Манай хоёр улс улс төр, эдийн засаг, олон улсын тавцан, цаашлаад цэрэг батлан хамгаалахын салбарт харилцаагаа тогтвортой хөгжүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэжээ.

Үнэхээр ч Хятад болон ОХУ-ын талууд олон улсын тавцанд төдийгүй худалдаа эдийн засгийн салбарт томоохон хамтрагч улс орнууд юм. 2018 онд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 24,5%-иар нэмэгдэж, 108 тэрбум долларт хүрчээ. Тэгвэл энэ оны эхний 8 сарын байдлаар худалдааны эргэлт 0,9%-иар өсч 69,5 тэрбум доллар байгаа юм. Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин үүнтэй санал нэгдэж, цаашид хоёр улс худалдааны болоод бусад салбараа түлхүү хөгжүүлж, харилцаан дахь үсрэнгүй хөгжлөө дэмжихэд уриалсан байна.