Улс төр

Боливийн экс ерөнхийлөгч Эво Моралес эх орноосоо дүрвэн Мексикт хүрэлцэн иржээ. Мексикийн эрх баригчид Боливийн экс ерөнхийлөгчид түүний тавьсан хүсэлтийн дагуу улс төрийн орогнол үзүүлэхээр зөвшөөрчээ. Эво Моралес Мексикийн агаарын цэргийн хүчний онгоцоор Боливиэс мягмар гарагийн орой нисч Мехикод газардсан байна.

Боливийн экс ерөнхийлөгч Эво Моралес Мехико хотноо ирж, Мексикт улс төрийн орогнол хүсч, хэсэг хугацаанд энэ улсад амьдрах юм. Латин Америкийн улс орнуудын тэргүүлэгчдээс улсынхаа төрийн эрхийг хамгийн он удаан жил тэргүүлсэн Боливийн ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн ням гарагт төрийн тэргүүний суудлаасаа буусан юм. Тэрээр улс орондоо өнгөрсөн 10-р сарын 20-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэдий ч түүнийг сонгуулийн дүнг өөрт ашигтай байдлаар эргүүлсэн гэх сөрөг хүчний гомдол санал, иргэдийн эсэргүүцэл, хүчний байгууллагын удирдлагуудын шахалт шаардлагын улмаас албан сэнтийгээсээ огцрох шийдвэр гаргажээ. Улмаар эх орондоо үргэлжлүүлэн байх нь түүний амь насанд аюултай гэж үзсэн учраас Мексикийн эрх баригчдад хандан улс төрийн орогнол хүссэн байна.

Мексикийн тал Боливийн экс ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, түүнд улс төрийн орогнол үзүүлэхийг зөвшөөрчээ. Моралес Мексикийн эрх баригчдын энэ шийдвэр түүний амь насыг аварсан  гэж шууд утгаараа хэлж, түүнд ойртохын тулд бие хамгаалагчдад нь их хэмжээний мөнгө амлаж байсныг батлан хэлжээ.

  • Эво Моралес: -Би амьд ахуй цагтаа хэзээ ч улс төрөөс хөндийрөхгүй. Би улс орныхоо төлөө тэмцсээр байх болно, дэлхийн улс гүрнүүд эрх чөлөөтэй байх эрхтэй гэж мэдэгджээ. 

Эво Моралес ням гарагт ерөнхийлөгчийн суудлаасаа буухдаа түүнийг төрийн эргэлт хийн, шахаанд оруулах замаар албан сэнтийгээс нь буулгалаа гээд улсынхаа ард иргэдийг аливаа хүчирхийллээс татгалзахад уриалжээ. Эво Моралес ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохтой зэрэгцэн Боливийн засгийн газрын ихэнх сайд нар мөн албан тушаалаасаа буусан байна. Өнөөдрийн байдлаар Боливийн ерөнхийлөгчийн үүргийг сенатын дэд спикер Жанин Аньяс түр гүйцэтгэж байгаа юм.