Улс төр

БНХАУ-ын засгийн газрын тэргүүн Ли Кэцян Бээжин хотноо Киргиз, Азербайжан, Камбожийн төр засгийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзжээ. Бээжинд энэ өдрүүдэд олон улсын цэцэрлэгжүүлэлтийн аж ахуйн олон улсын үзэсгэлэн яармаг болж, хаалтын ёслолын ажиллагаанд эдгээр орнуудын тэргүүлэгчид хүрэлцэн ирж оролцсон байна. 

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэцян Киргизийн хамтрагч Кубатбек Бороновыг хүлээн авч уулзах үеэрээ Хятад болон Киргиз улсууд сайн хөршийн найрсаг харилцаатай улс орнууд гэдгийг тэмдэглэн, хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлал улс орнуудын хөгжил дэвшилд шинэ түлхэлт өгснийг тэмдэглэжээ. Хятад улс Киргизийн талтай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын тал  дээр түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Киргизийн ерөнхий сайд Кубатбек Боронов уулзалтын үеэр Хятадын талтай стратегийн түншлэлээ бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тал дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэлжээ.  

Азербайжаны ерөнхий сайд Гажибал Абу-талыбовтай уулзах үеэрээ Хятадын засгийн газрын тэргүүн хоёр улсын хооронд дипломат харилцаа холбоо тогтоосноос хойш улс орнууд харилцан итгэлцэл дээр тулгуурласан харилцааг эрхэмлэх болсныг тэмдэглэжээ. Түүнчлэн талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна. Азербайжаны тал Хятад улсын “зам, бүс” хөтөлбөрийг бүх талаар дэмжин хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг тэмдэглэжээ. 

Энэ өдөр Хятадын ерөнхий сайд Ли Кэцян мөн Камбожийн засгийн газрын шадар сайд Хор Намхонг Ли-г хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ли Кэцян Хятад Камбож улсууд эртний найрсаг харилцааны хөрш улс орнууд байсаар ирснийг тэмдэглэсэн байна. Олон жилийн харилцааны явцад Хятад Камбож улсууд харилцан хүндлэл дээр тулгуурласан харилцааг хөгжүүлж, улс орны дотоодын хэрэгт оролцолгүйгээр олон улсын түвшинд бат бэх найрсаг харилцаа хөгжүүлсээр ирснийг онцолжээ. Хятад улс цаашдаа Камбожийн талтай чөлөөт худалдааг хөгжүүлж, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн харилцаагаа тэлэн, Өмнөд Хятадын тэнгис дэх бүс нутгийн кодексийг эрхэмлэн, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах тал дээр хамтарч ажиллахаар тохиролцжээ. Камбожийн албаны хүн болох Хор Намхонг Ли Хятад улстай стратегийн бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж, “зам, бүс” хөтөлбөрийн хүрээнд Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.