Стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгджээ

Эрүүл мэнд

СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа: "Улсын хэмжээнд явуулсан 1984-1992 оны судалгааг 2019 онтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн үед мансуурлын асуудал анхаарах сэдэв болоод байна. Үүн дотроо мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 онд 354 болж ихэссэн.

Өсвөр үеийн сэтгэцийн эмгэг тулгамдсан асуудал болж байна. Манай төвд хандсан хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 30.5 хувь нь асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг сайжруулах нь чухал байна. Төсөвт зөвхөн эмчилгээний зардлыг суулгаж өгдөг. Энэ мөнгө нь цалин, хоол, эмд зарцуулагддаг. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үргэлж гуйлга, олон улсын байгууллагын дэмжлэгээр явагдаж байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд тусгайлан чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилт чухал байгаа. Манай эмнэлэгт  огт гардаггүй 200 гаруй хүн бий. Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн тусгайлсан төв барих саналыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд үргэлж тавьдаг. Мөн мансуурлын асуудлыг шийдэхийн тулд шаардлага хангасан донтолтын эсрэг төв барих хэрэгтэй байна. Нэмээд амиа хорлолт нэлээд асуудал болж байгаа. Бид амиа хорлолтоо бүртгэж ч чаддаггүй. Бүртгэх, мэдээлэх, тандах журам боловсруулж, цагдаа шүүхтэй хамтран бүртгэдэг болох нь зүйтэй байна" гэлээ.