Спорт

Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төвийн 15 жилийн ой энд онд тохиож байна. Алслагдсан энэ аймгаас  жилдээ 600-700 гаруй залуу оюутны амьдралд хөл нийлүүлэн их хотод ирдэг байна. Харин Улаанбаатар хот дахь аймгийн залуучууд оюутны хөгжлийн төвөөр дамжуулан нутгийн залуусыг нэгтгэж олон арга хэмжээг зохион байгуулдаг байна. Өнөөдөр 15 жилийн ойн нэрэмжит спортын өдөрлөг боллоо.

Завхан аймгийн залуус "Эв нэгдэл- эрч хүч" уриан дор 15 дахь жилдээ спортын наадмаа зохион явуулж байна. Нийт 86 багийн 1000 гаруй тамирчид спортын таван төрлөөр энэ удаагийн тэмцээнд оролцож, хүч сорьж байна. Завхан аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв нь 15 жилийн хугацаанд тасралтгүй нутгийнхаа оюутан залуусыг хөгжүүлэх чиглэлд олон төрлийн үйл ажиллагаа зохион явуулдагийн нэг нь энэхүү спортын наадам гэнэ.

Мөн Завхан аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв нь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран жил бүр шилдэг оюутанд тэтгэлэг олгодог байна. Ингэснээр тэдний сурах их үйлсд урам өгөх, эргээд нутаг усандаа ирж ажиллах боломж бүрдүүлдэг гэлээ. Завхан аймгийн оюутан залуусын спортын их наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.