Спорт

Монголын бодибилдингийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. ТВ5 Телевизийн "Биеийн өөрчлөлтП нэвтрүүлгийн багш, мэргэжлийн дасгалжуулагч Жаргалсайханы Баянмөнх 11 дэх удаагийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Их спортын тамирчдын хувьд байнгын формтой байж олон жил дарааллан тогтмол амжилт үзүүлнэ гэдэг асар их тэсвэр шаарддаг. Тэгвэл Баянмөнхийн хувьд гурав дахь жилдээ медальт байр эзлэж байна.

11 дэх удаагийн Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чэжү хотод хэдхэн хоногийн өмнө болсон. Энэ тэмцээнд 37 орны 318 тамирчин оролцсон юм. Монгол улсаас эмэгтэй, эрэгтэй нийт 16 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, дэлхийн тайзан дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбааг намируулсан. Эдгээр тамирчны нэг бол олон улсын хэмжээний мастер, спортын тэргүүний ажилтан, ТВ5 телевизийн "Биеийн өөрчлөлт" нэвтрүүлгийн багш, дасгалжуулагч Жаргалсайханы Баянмөнх. Тэрбээр ДЭАШТ-нд 2017 оноос хойш гурван жил дараалан оролцож хошой мөнгө, хошой хүрэл медаль хүртэж, мөн шагналт 4-р байрын эзэн боллоо. Нөр их хөдөлмөр, асар их тэвчээр гаргаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 жил дараалан оролцохдоо энгэр хоосон буцаж ирээгүй тамирчныг хамт олон, шавь  нар нь  хүндэтгэлтэйгээр угтлаа. Тэрбээр спорт модель болон фитнес ангилалд оролцсон. Хоорондоо эрс ялгаатай хоёр ангилалд зэрэг оролцоход бэршхээл их байсан ч бүгдийг даван туулсандаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

Тэрбээр энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо богино хугацаанд буюу 20 хоногийн дотор 18 кг хасч, усгүй 36 цаг, нүүрс усгүй 96 цаг, хоолгүй 24 цаг байсан байна. Эдгээр өдрүүдэд Ж. Баянмөнх  тогтмол 3-4 цагийн бэлтгэл, мөн 3-4 цагийн кардио хийсээр 11 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр гарчээ. Богино хугацаанд их жин хассан тул шөрмөс татахаас эхлээд хүндрэл бэрхшээл тулгарсан ч Ж. Баянмөнхийг дагаж “МОНГОЛ” гэх улсын нэр дуудагдаж байгаа учраас тэвчээр зааж, зүтгэл гаргасан хэмээлээ.

Амжилт амархан олддоггүй. Тэсвэр хатуужил, шаргуу хөдөлмөрийн ард амжилтын үзүүр цухуйж байдаг тул уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэвчээр бүхний ард ялалт байдаг, боломж байдаг хэмээн олон улсын хэмжээний мастер, спортын тэргүүний ажилтан, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт тамирчин Ж. Баянмөнх ярьж байна.

Баянмөнхийн шавь олон. Дэлхийн өнцөг булан бүрт байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр өөрийн арга туршлагаа бусадтай хувцаалцаж, онлайнаар сургалт явуулдаг. Түүний заавар зөвлөгөөг дагаж, биеэ өөрчилсөн хүмүүс олон. Ж. Баянмөнх ДАШТ-ээс ирээд хэдхэн хонож байгаа ч 10 хоногийн онлойн сургалтаа эхлэхээр болсон байна.  Ж. Баянмөнхийн ойрын зорилго, хүсэл мөрөөдөл бол Дэлхийн аварга болох...

Харийн нутагт Монголын далбаа намирч, төрийн дуулал эгшиглэх мөчийг юутай ч зүйрлэмгүй хэмээж байсан юм.