Спорт

Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт үргэлжилж байна. Тэмцээний 2-р тойргийн тэмцээний албан ёсны нээлт өчигдөр Эрдэнэт хотноо ёслол төгөлдөр боллоо. Холбооны шийдвэрээр сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд ийнхүү сэргээж байгаа нь үе үеийн волейболчдын магнайг тэнийлгэсэн үйл явдал болж байна.  Бат-эрдэнэ

 Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд    Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон ахмад үеийн тамирчид, шүүгчид мөн хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын волейболын холбооны "Жигүүрт бөмбөлөг" сүлд дуу шинээр мэндэлж, Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид амилуулан үзэгч сонсогчдын хүртээл болгов. Шинэ уран бүтээлийн үг, нотыг бичсэн дурсалын жаазыг  хадгийн хамт Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчид Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уран бүтээлчдын хамт  гардуулан өглөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа баг   тамирчдыг төдийгүй ахмад үеийнхний сэтгэлийг хөдөлгөсөн маш сайхан үйл явдал болж байгааг тэд онцолж байна.  Цөөнгүй жил завсарласан дээд лигийн тэмцээнийг сэргээн зохион байгуулж ивээн тэтгэн хамтарч ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, уурхайчдадаа  гүн талархаж байгаагаа хэлж байна.

Тэмцээний нээлтийн үеэр  Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч баг, тамирчид тамирчны тангараг өргөж, тэмцээний аваргын цомыг Хангарди цогцолборын их танхимд залах ёслол болсон нь энэ үдшийн  хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа. Тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт энэ сарын 8,9-ний өдөр Эрдэнэт хотноо болж байна. “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа юм.