Спорт

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өчигдөр Ням гарагт Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн  зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцож, тэмцээнд оюуны их ур ухаанаа уралдуулж буй шатарчдад амжилт хүслээ.

Шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн хүмүүсийн нэг бол Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, ОУХ-ний мастер П.Жигжидсүрэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр “Монголчууд эрт үеэс шатрын спортыг хүндэтгэн, хөгжүүлж ирсэн их оюунлаг улс. Манай хүүхэд залуус бага наснаасаа шатрын спортоор амжилттай хичээллэж дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа нь үнэхээр бахархалтай. Үүний гол амжилтын үндсийн нэг бол төр засаг, нийслэлээс шатрын спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч буй явдал юм. Түүний томоохон тод жишээ нь өнөөдрийн энэ тэмцээн болж байна, миний хувьд сэтгэл их өндөр байна” гэлээ.

Ийнхүү оюун ухаанаа чилээн их нүүдлээр нүүж буй шатарчдын тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд амжилттай оролцсон тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс