Нийгэм

Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндхэн болох төлөвтэй байгаа. Үүнээс хамгийн хүнд Баянхонгор аймаг байна. Нийт нутгийн 55 хувьд бараг өвсний үндэс ч хөдлөөгүй гэсэн дүгнэлтийг УОК-ын гамшиг эрсдлийн баг газар дээр нь очиж дүгнэсэн. Ийм хүнд үед Улаанбаатар хот дахь тус нутгийн сумдын нутгийн зөвлөлүүд Их хурлын даргын санаачилгаар уулзаж, хүндхэн байгаа малчидда туслах санаачилгыг гаргажээ.

УОК-оос хийсэн Ган зудын эрсдлийн үнэлгээгээр говийн аймгуудаас Өмнөговь, Дундговь төвийн болон баруун бүсээс Говь-Алтай , Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгууд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Үүнээс Баянхонгор аймаг  “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд орсон. Мөн Эрсдэлийн судалгаагаар  Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 55 хувь гантай, 45 хувь нь гандуу гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн 6.0 сая гаруй толгой малын 42 хувь буюу 2.5 сая мал сүрэг дундаас доош тарга хүч авсан. Цаашид говь, тал, хээрийн сумуудад мал өвөлжих боломжгүй, өвлийн хүйтэнд мал хорогдох нөхцөл үүссэн байгаа. Иймээс үүнд нутгийнхан санаа зовж, УИХ-ын даргын санаачилгаар Баянхонгор аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөлийнхөн уулзаж,  нутгийн малчиддаа туслах аян өрнүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өөрийн аймаг, орон нутгаас өвлийн идшээ бэлдэх хүртэл санал санаачилгууд гаргаж байна.

ХҮНДХЭН БАЙГАА МАЛЧИДДАА БАЯНХОНГОРЧУУД НЭГДЭЖ ТУСАЛНА

Баянхонгор аймгийн Улаанбаатар хотод суугаа аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхөн цаашид дээрхи санаачилгуудыг  дэмжиж ажиллах төлөвлөгөө гаргаж, санал, санаачилгуудаа  нэгтгэн ажиллахаар болсон юм аа.