Нийгэм

Монгол Улс жилд дунджаар 10 сая гаруй мал нядалдаг байна. Үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, малчдаа дэмжих боломжтой. Гэтэл Монголд жилд дунджаар 6-7 сая ширхэг арьс боловсруулдаг. Харин 3-4 сая ширхэг нь БНХАУ руу дулааны аргаар боловсруулагдан экспортлогдож байна.

Мөн дулааны үед нядлагдсан буюу хөрс, үс нь гүйцээгүй 1 сая орчим арьс хаягдаж байна. Тиймээс арьс ширийг үнэгүйдүүлэхгүйн тулд нядлагааны үеийн гэмтлийг бууруулахаар ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

ЖИЛД НЭГ САЯ ОРЧИМ АРЬС,  ШИР ХАЯГДДАГ БАЙНА

Арьс, шир үнэгүйдэхэд нядлагааны үеийн гэмтэл, малдаа ариутгал, угаалга хийгээгүйгээс болооод шимэгчид арьсанд гэмтэл үүсгэх, арьсыг буруу хадгалдаг гэх зэрэг шалтгаануудаас болж хаягдахад хүрч байна. Тиймээс Турк, Чех, Солонгос, Хятад зэрэг улс орнуудад инженер, технологичдоо сургаж боловсон хүчинг бэлтгэж байгааг хэлж байна. Мөн эргэлтийн хөрөнгөд туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллахаа арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос мэдээллээ.

Арьс ширээр үйлдвэрлэл эрхлэгчид дийлэнхдээ нядлагааны газраас  түүхий эдээ авдаг байна. Учир нь иргэд, малчид хээрээр мал нядлахдаа арьсыг нь ихээр гэмтээдэг гэлээ. Тиймээс иргэд, малчид арьс ширийг үнэгүйдүүлэхгүй байхад хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Мөн өвчсөн арьсаа 2 цаг тутамд дэлгэж хатаах, өлөнг тусад нь уутанд хийх, элдэв шимэгчээс сэргийлэх угаалга, тарилга хийлгэж байх зэрэгт анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.