Нийгэм

Засгийн газар 2021 оны Улсын нэгдсэн төсвийг боловсруулж УИХ-аар өчигдөр анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Тэгвэл ирэх оны Улсын төсөвт боловсролын зээлийн сангаас олгодог сургалтын төлбөрийн зээлийг зөвхөн ТОП-10 их сургуулийн оюутанд олгохоор төсөвт тусгасан. Үүнтэй холбоотойгоор салбар яамнаас их дээд сургуулиудын сургалтын чанар үйл ажиллагаанд судалгаа хийж эхлэсэн байна. Өнөөдрийн байдлаар таван их сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсныг Боловсролын сайд хэллээ.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээрх сургуулиудад нийт 148 мянган оюутан залуус суралцаж байгаа нь 100 мянган хүнд оногдох их дээд сургуулиараа дэлхийд нэгт орж байгааг засгийн газрын тэргүүн хэлсэн. Өөрөөр бол дэлхийн улс орнууд цөөн тооны чанартай их дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэдэг бол манай улс үүний эсрэгээр явж байна гэсэн үг. Тиймээс засгийн газар ирэх онд боловсролын салбарт олон шинчэлэл хийхээр төлөвлөж энэ хүрээнд их дээд сургуулийн сургалтын чанар үйл ажиллагаанд салбар яамнаас хяналт шалгалт хийж эхлэсэн байна.

2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийг хүүхэд төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байдаг байна. Улмаар 2004, 2008 онуудад засгийн газрын шийдвэрээр зээлээс чөлөөлж байжээ. Харин одоогийн байдлаар 14,400 гаруй иргэний 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байна. Тиймээс боловсролын зээлийн сангаас олгож байгаа сургалтын төлбөрийн зээлийг ирэх оноос эхлэн топ 10 сургуулийн оюутнуудад олгохоор болж байгаа юм.

МСҮТ-Д СУРАЛЦАН ТЭТГЭЛЭГ АВАХ ГЭСЭН 60-70 НАСТАЙ ИРГЭД БАЙГАА ТУЛ НАСНЫ БОСГЫГ 45-ААР ТОГТООЖЭЭ

Ирэх оноос боловсролын салбарт томоохон шинэчлэлүүдийг хийхээр засгийн газар төлөвлөсөн. Харин МСҮТ-ийн суралцагчдад олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг үргэлжлүүлэхээр төсөвт тусгасан. Энэ нь улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэхэд тустайг Ерөнхий сайд онцолж байгаа юм. Гэхдээ 200 мянган төгрөгийн тэтгэлэг авахын төлөө МСҮТ-д суралцаж байгаа 60-70 настай хүн ч байгааг Нийгмийн хамгааллын сайд хэлсэн. Тиймээс насны босгыг багасгаж 45 хүртэлх насны хүмүүст тэтгэлэг олгохоор болсон юм.