Нийгэм

Баянзүрх дүүрэгт байрлах цагаан хуаран хорооллын тоглоомын талбайд том хэмжээтэй гулгуур нуржээ. Хоёр хүүхэд дээр нь байсан тоглоом нэг хүүхдийг дарж хүнд гэмтээсэн байна. Азаар амь наснаас нь холуур өнгөрсөн хамгийн аюулгүй гэж бодсон газар хүүхэд гэмтсэнд оршин суугчид гомдолтой байгаагаа хэллээ. Энэ бол нийслэлд гарч байгаа анхны тохиолдол биш. Хүүхэд тоглоомын талбайдаа гэмтсэнээс эхлээд амь насаа ч алдсан харамсалтай тохиолдол хэд хэд гараад байгаа юм.

 

Бага насны хүүхэд байрныхаа гадна тоглоомын талбайд тоглож байгаад өндрөөс унаж бэртсэн бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм. Бэхэлгээ муутай, хэзээ мөдгүй нурж унах шахсан энэ мэт тоглоом, тоглоомын талбай, хүүхдэд ээлгүй орчныг олон эцэг эх шүүмжилж байна. Ойролцоогоор гурван мeтр орчим өндөртэй тоглоомонд дарагдаж унасан охиныхоо бичлэгийг өөрийн фэйсбүүк хаягнаасаа нийтэлж, томчуудад анхааруулга өгсөн ээж Б. Гэрэлт-Одтой уулзлаа.

Тэрбээр гомдолтой байгаагаа бидэнд хэлсэн юм. Түүний охин зургаан настай. Тухайн өдөр эмээгийнхээ хамт гэрийнхээ урд талын тоглоомын талбайд тоглохоор очоод хүнд бэртжээ. Охины гар хугарч, толгой, цээж, хөлөндөө бэртэл авсан. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

"Миний охины биeийн байдлыг асууж залгах байтал тоглоом эвдэрсэн талаар ярьж байгаад сэтгэл эмзэглэж байна" хэмээсэн юм.