Нийгэм

Өнөөдөр нийслэлд ундны усаа нойлдоо хийж, машинаа угааж, барилгаас эхлээд бүх зүйлдээ ашигладаг. Хэрвээ энэ янзаараа үргэлжилбэл 2040 он гэхэд ундны усны хомсдол үүсэхээр байгаа юм. Тийм учраас эхний ээлжинд ус их зарцуулдаг автомашин угаалгын газруудыг саарал ус хэрэглэхийг зөвлөж байгаа ч 170 гаруй угаалгын газраас ердөө 17 нь л энэ ажлыг хэрэгжүүлжээ. Бусдад үлгэр болох үүднээс саарал ус ашиглаж эхэлсэн газраас сурвалжилга бэлтгэлээ. Тэд нэг ашигласан усаа 2-3 эргэлдүүлэхийн дээр бороо, цасны усыг ч нөөцөлдөг байна.

2019 онд хийсэн судалгаагаар дэлхий нийтэд 9 хүн тутмын нэг нь цэвэр усны хомсдолтой амьдардаг гэж гарчээ. Харин манай улсын иргэдийн цэвэр усны хэрэглээ дэлхийн дунджаас 2.5 дахин илүү байдаг байна. Өөрөөр бол манай улсын иргэд цэвэр усны нөөц ямар түвшинд байгаа усаа зөв зохистой хэрэглэхгүй бол ямар эрсдэлд хүрэх тал дээр мэдээлэл муу байгааг албаны хүн хэлж байна. Тиймээс Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ, Усны газартай хамтран явуулж байгаа Цэнхэр алт аяны хүрээнд авто угаалгын газруудад хяналт шалгалт хийжээ.
Иргэдийн ундны ус буюу цэвэр усаар авто машин угааж байгаа 150 гаруй газар байна. Дээрх газрууд нэг машин угаахдаа ойролцоогоор 100 литр цэвэр усыг ахин хэрэглэхгүй ашиглаж байгаа юм. Тэгвэл эко авто угаалгын газар нэг угаасан усаа цэвэршүүлэн дахин угаахаас гадна борооны усыг шүүж авто угаалгад хэрэглэж байна. Энэ мэт саарал усыг угаалгад ашиглаж байгаа 17 газар нийслэлд байна.

ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭ ӨНӨӨГИЙН ТҮВШИНД ҮРГЭЛЖИЛВЭЛ 2040 ОН ГЭХЭД МОНГОЛ УЛС ХОМСДОЛД ОРНО

Одоогоос таван жилийн өмнөх судалгаагаар манай улсын нийт газар нутгийн 64.7 хувь цөлжиж байна гэж гарчээ. Цөлжилт газрын доройтол нэмэгдэхийн хэрээр цэвэр усны нөөц хомсдоно гэсэн үг. Тиймээс иргэн аж ахуй нэгж бүр цэнгэг усаа хайрлан хамгаалж хэмнэж хэрэглэхийг ийнхүү уриалж байна.