Цус харвасан өвчтөнд “робот хөл” дахин алхахад нь тусалж байна

Технологи-360

Английн өмнөд хэсэгт судлаачид цус харвасан өвчтөн гэртээ робот хөлийг уламжлалт физик эмчилгээтэй хослуулан хэрэглэснээр хөдөлгөөн нь хурдан сэргэж, мэдэгдэхүйц сайжирч байгааг тогтоожээ.

Ийм робот хөлийг уламжлалт физик эмчилгээтэй хослуулан хэрэглэвэл цус харвасан хүмүүс дахин хөдөлж чадахыг тогтоосон байна. Алхахад бэрхшээлтэй байсан 34 өвчтөн 10 долоо хоногийн турш гэртээ оосортой бионик хөлтэйгээр илүү хурдан алхаж чаддаг болжээ. 

ЭМИ РАЙТ | ПОРТСМАУТИЙН ИХ СУРГУУЛИЙН БИОМЕХАНИКИЙН БАГШ, СУДЛААЧ

"Физик эмчилгээний хамт робот төхөөрөмж нь цус харвалт болон алхахад бэрхшээлтэй хүмүүст тусалж байгаа нь батлагдсан. Тиймээс хоёуланг хослуулсан нь физик эмчилгээнээс илүү үр дүнтэй. Робот төхөөрөмжийг бид физик эмчилгээний хамт гэртээ ашиглавал эмнэлэгт байгаагаас илүү үр дүнтэй эсэхийг шалгахыг зорьсон юм." 

Эми Райт бол Портсмаутийн их сургуулийн биомеханикийн багш, судалгааны хамтрагчдын нэг юм. Өвчтөнүүдэд бионикийн "АлтерЖи" компанийн оосортой робот хөлийг өгч, тодорхой хугацаанд хэрэглэхийг зөвлөжээ. Тэднийг туршилтын өмнө болон дараа нь дижитал 3D камерын систем ашиглан ямар нэгэн сайжруулалтын түвшнийг тодорхойлон үнэлсэн байна. Цус харвалт эмчлэгдээгүй үедээ тархины 1.9 сая мэдрэлийн эсүүдийг минут тутамд гэмтээж байдаг, улмаар хэл ярианы чадвар алдагдах, саажилт үүсгэх эрсдэлтэй. Райт ярихдаа, цус харвалтаас амьд үлдсэн хүмүүсийн 75% орчим нь дараа нь хөдөлгөөний асуудалтай тулгардаг. Робот төхөөрөмжүүд маш үнэтэй, гэхдээ сүүлийн үед үнэ өртгийн хувьд бага ч гэсэн буурч байгаа. Эмнэлэг рүү долоо хоногт нэг удаа явахын оронд өвчтнүүд өдөр бүр гэртээ хэрэглэж болох төхөөрөмжтэй байх нь хамгийн чухал юм гэжээ.