Нийгэм

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн. Эх, хүүхдүүдийн бие сайн байна. Өнөөдөр тэдний тусгаарлалтын хугацаа дуусч ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ үеэр МИАТ компанийн хамт олон Энхцэлмэг, Энхжигүүр охидод болон ээжид бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгийг гардууллаа.

Одоогоос 54 жилийн өмнө буюу 1966 онд Сангидорж даргатай, АН-24 буюу бидний хэлдгээр “цагаан онгоц”-нд хүүхэд мэндэлсэн нь манай улсад анхны тохиолдол болж байжээ. Одоо 54 настай түүнийг Мөнгөнхүлэг гэдэг байна. Харин хоёр дахь тохиолдол нь Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 7-р сарын 10-нд Истанбулаас-Улаанбаатарын чиглэлд нисч байсан онгоцонд мэндэлсэн ихэр охид юм. Тэднийг Энхцэлмэг, Энхжигүүр хэмээн нэрлэжээ. Өнөөдөр охидын тусгаарлалтын хугацаа дуусч, ХӨСҮТ-өөс гарлаа. Анх 1 кг 400 гр болон 1 кг 600 гр жинтэй төрсөн охидийн биеийн байдал сайжирч, хэвийн жиндээ хүрсэн байна.

Энэ явдал Олон улсын нислэгт анх удаа хүүхэд мэндэлсэн тохиолдол  болсныг тодотгож байна. Ихэр охид Энхцэлмэг, Энхжигүүр болон ээж Д. Болортуяа МИАТ компани бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардууллаа.

Д. Болортуяа онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлжээ. Тухайн үед эхийн даралт өндөр,  150/100-тай байсан. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт байсан гэдгийг эх барьсан эмч ярьж байна.

Д. Болортуяа 42 настай юм. Энэ бол түүний гурав дахь төрөлт гэлээ. Онгоц ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч явахад эхний охин мэндэлсэн байна. Үүнээс 10 орчим минутын дараа хоёр дахь охин мэндэлжээ.