Нийгэм

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 8-р сарын 6-ны байдлаар манай улс нь нийт 16,118 иргэнээ татан авсан. Эрсдэлтэй улс орноос ирж байгаа учраас шууд тусгаарлах арга хэмжээ авч байна. Гэвч ажиглалтад байгаа зарим иргэд архидан согтуурах, тусгаарлах байрны журам зөрчих тохиолдууд их гаргаж байна гэдгийг хэллээ.  

Тусгаарлах байрны журам зөрчсөн 500 гаруй зөрчил илэрчээ. Үүний тодорхой хувь нь архидан согтуурах тохиолдол байсан гэдгийг албаныхан онцоллоо. Тухайлбал, 7-р сар гарснаас хойш Баянхангай болон Энхсаран амралт сувиллын газарт энэ төрлийн хоёр ч зөрчил гарчээ. 

8-Р САРЫН 1-НЭЭС ХОЙШ 660 ГАРУЙ ИРГЭНЭЭ ТАТАН АВААД БАЙНА

МХЕГ-т мөн тусгаарлах байртай холбоотой дөрвөн гомдол санал ирсэн байна. Энэ дагуу Сэлбэ, Монголика, Намуун зэрэг тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хүлээн авч байгаа газруудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад эрүүл ахуй, халдвар хамгааллын журмыг мөрдөж ажиллаагүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Мэргэжлийн хянатлтын байгууллагаас торгохоос илүүтэйгээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа гэсэн юм. Гэвч удаа дараа зөрчил гаргавал цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

8-р сарын 1-нээс хойш БНСУ, АНУ, Энэтхэг рүү  гурван удаагийн нислэг зохион байгуулж 669 иргэнээ татан аваад байна. Мөн удахгүй Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах юм.