Нийгэм

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Херо энтертайнментийн захирал, найруулагч Б.Баатар найрууллаа. Дэлхийд цорын ганц байгаа нүүдэлчин соёл, хүүхдийн үсний найр, шинэ хүүхэд угаах ёслол зэргийг багтаажээ. Эдгээр уламжлал соёл, ёс заншил Монгол хэмээх үндэстэн оршин тогтнох үндэс гэдгийг найруулагч Б.Баатар хэлж байна. Аливаа үнэт зүйл хэврэгхэн байдаг. Түүнийг нандигнан хадгалах уриалгыг хүн бүрт хүргэхийг хичээснээ ярилаа. 

Төрт ёсны цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон уран бүтээлчид олны анхаарлыг татлаа. Тухайлбал МУГТ Түвшинбаяр,  Хүннү рок урсгалын төлөөлөл Хү хамтлаг өнө эртний түүхийн үргэлжлэл болсон гал тахих ёслолыг үйлдлээ. Мөн Монгол угсаатны Конгурэ дууг МУГЖ Ариунаа, МУГЖ Сарантуяа, Чингис хааны одонт МУГЖ Ариунбаатар, СТА Алтанжаргал зэрэг уран бүтээлчид ая эгшигээ өргөлөө.  Энэ жилийн наадам эрт эдүгээ цагийн Монголын үүх түүх, уламжлал, зан заншлыг ардын дуу, бие биелэгээтэй хослуулжээ.  Монгол Улсын 2000 гаруй жилийн өмнөх их түүхийг нэг цагт багтаан үзүүлэх тун амаргүй байсныг Ерөнхий найруулагч Б.Баатар тодотголоо.  

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫГ ЭРГЭН ЗАЛРАХЫГ БЭЛЭГДДЭГ “ГҮҮНИЙ ҮРС ГАРГАХ” ЕРӨӨЛ АЙЛДЛАА

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтээр  гал тахих, унага тамгалах, Өвөр монгол бөхийн үзүүлбэр, шагайн наадгай, цан харайх зэрэг монгол үндэстэний агуу их ёс уламжлал, зан заншилийг шингээжээ. Мөн энэ наадмын бас нэг өвөрмөц үзүүлбэр нь гүүний үрс гаргах ерөөл байлаа. Энэ нь Их эзэн Чингис хааныг эргэн залрахыг бэлэгддэг утгатайг тайлбарлалаа.

Монгол Үндэсний их баяр наадам гэдэг монгол түмний дархлаа болсон үндэстний баяр. Тиймээс орчин үеийн залуучууд олон мянган жилийн түүхтэй Монгол өв соёл, баяр наадмаа залгамжлан үлдэж цааш нь түгээн дэлгэрүүлэх учиртай гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 

Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертоор Монголчууд өөрийн гэсэн сонгодог урлагийг дэлхийн хэмжээнд бий болгож чадсаныг харуусан бол наадмын нээлт үндэсний язгуур урлагийн гайхамшгийг харуулахыг зорьсон байна. Энэ жилийн баяр наадамд 5000 гаруй хүн хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байгаа юм.

Мөн энэхүү наадам нь цахимаар болж байгаа учир Монгол түмний ахуй соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах, аялал жуулчлалыг татах бүхэл бүтэн контент болно

гэдгийг наадмын ерөнхий найруулагч онцоллоо.

Мөн энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах нийт зардал 1.6 тэрбум төгрөг болсон байна. Энэ хөрөнгөөр наадмын нээлт хаалт, эрийн гурван наадам гээд бүх ажлыг багтаажээ.