Их Британийн хатан хаан 2-р Элизабет 96 нас сүүдэр зооглолоо

Үйл явдал

Английн цог жавхлант хатан хааны мэндэлсэн өдөр хэдийгээр 4-р сард тохиодог ч Их Британид эртнээс тогтсон уламжлалын дагуу зуны улиралд тэмдэглэдэг. 

Англид тогтсон өвөрмөц гэмээр уламжлал ёсоор 18-р зууны дунд үеэс эхлэн Английн ихэс дээдсийнхэний төрсөн өдрийг 6-р сарын эхээр албан ёсоор тэмдэглэсээр иржээ. Чухам энэ цаг үед, зуны урин дулаан улиралд хатан хааны мэндэлсэн өдөрт зориулан морьт хороо жагсан, хүндэтгэлийн жагсаал хийж, их буугаар галлан ёслолын буудлага хийж, албан ёсны ёслолын ажиллагаа болдог юм.

Ирэх зун 2-р Элизабетийг хаан ширээнд заларсны “цагаан алтан ой” буюу 70 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ. Хатан хаан мэндэлсэн өдрөөрөө Норфолк муж дахь Сандрингем эдлэнгээ зорьжээ. Энд хатан хаанд түүний гэр бүл, ойр дотных нь хүмүүс баяр хүргэж, төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэжээ.