Нийгэм

Ойрын өдрүүдэд усархаг бороо их орж байгаагаас шалтгаалан замын зорчих хэсэг эвдрэх, айл өрхүүд усанд автах, гол усны түвшин нэмэгдэх зэрэг эрсдлүүд үүсээд байна. Тэр ялангуяа нийслэл хотод үерийн аман дээр гэрээ барьж амьдрах иргэд хэцүү байдалд оржээ. Тиймээс НОБГ-т иргэдийн гомдол мэдээлэл их ирж байгааг онцоллоо.

Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авах, удирдлага зохион байгууллалтаар хангах шуурхай штабыг ОБЕГ дээр байгуулан ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллуулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж буйгаа тодотголоо.

Усархаг бороо ихээр орж байгаа энэ үед үерийн аман дээр буусан иргэдэд нүүх албан шаардлагыг холбогдох албаныхан хүргүүлж ажилладаг байна. Гэвч зарим иргэд нүүхгүй эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байдаг тул цагдаагийн байгууллагатай хамтран албадан нүүлгэдэг гэлээ. Мөн НОБГ-аас иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байх, усны түвшин нэмэгдсэн байгаа учир согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дээр орхихгүй байх, баталгаатай гарц гармаар гарах зэргийг анхаарууллаа.